13/02/2026
Өргөөд даахгүй, өнжөөд барахгүй, дараад алчихмаар данхар идээ энд алга даа. Нас, насны эрчүүд алба албаны төлөөлөл сууж байна. Дал хүрээд долоогоор долоон давхар, ная хүрээд найман давхар идээ засна гэж өвөг дээдэс лав сургаагүй юм байна. Нүүдэллэж, туувар хийж яваа айлууд араас нь гэрийн эзэн харагдахгүй айхтар том идээ лав засдаг байгаагүй. Хаваржаа руугаа нүүхдээ багахан авдарны хэмжээтэй идээгээ тэгээд яаж ачиж арчлах уу, хөргөгч энэ тэр гэж байгаагүй дээ. Наймаа бизнесийн ухаанаар өв уламжлалаа амандаа орсноор зохиогоод баймааргүй байх юм аа. Цагаан сарын дараа хэвийн боовнууд уут шуудайгаараа хогийн цэг дээр хог болсон байхыг нь хармааргүй байгаа шүү. За дээр нь заавал шинэ дээл өмсвөл заяа буян тэгширнэ гэсэн үлгэр бас зохиох хэрэггүй ээ. Тархи толгойгоо сайтар цэнэглээд, ажил төрлөө төлөвлөөд, өрхийн төсөв санхүүгээ зөв удирдаад, зовж олсноо зөв хуваарилаад явахад тэр заяа гэдэг юм чинь эзэн биеэ дагаад жороолно, за. Ажиглаад байхад бүх том баярыг бүх наймаачид удирддаг болсон байна. Амандаа орсноор ёс уламжлалыг шинээр зохиож байна. Боломжтой бол өөр хэрэг, боломжгүй улсад ёс уламжлал шинээр зохиож, муйхраар шахдагаа болимоор байна, түүнд нь тархиа угаалгаж, тарж унатлаа хамаг юмаа тавьж туудагаа ч татмаар байна. Цагаан сар, Улсын наадам ёс ёмбогор, төр төмбөгөр, идээ нь ихдээ бус нүнжигтэйдээ, дээл гоёл нь шинэдээ биш, хэрэглээтэйдээ сайхан байжээ. Өр тавьж шинэ дээл өмсөөд тэгширдэг заяа байдаг бол жинхэнэ хэцүүддэг юм байгаа биз дээ. Өмнөх жилийн дээлээ өмсөнгүүт доголоод давхичихдаг, яасан хэврэг эмзэг заяа гээч вээээ. Цаана чинь үнэт торгон дээл их, дээд сургуулийн жилийн төлбөрт дөхсөн үнэтэй байна. Тавгийн идээ нэг хүүхдийн хэлний дугуйлангийн өртөгтэй боллоо. Үр хүүхэд чинь боловсролгүй бол жинхэнээсээ хэдэн үедээ заяа тавилан хэцүүддэг юм байгаа биз дээ. Хорхой ааруулаар шаазан таваг дүүргээд тавихад л тэр чинь таваг, таваг биш гээд хэлээд үз дээ. Эрчим шингэсэн ээжийн хуучин дээл ч гоё, авшиг шингэсэн аавын хуучин малгай ч гоё. Шинийн 5-нд тавгийн идээгээ буулгахад үлдэх юмгүй үлэмж идэнгэтэй бол дэлгэр сайхан гэдэг чинь тэр дээ. Өмсөөд гарсан дээл гоёл чинь өрх гэртээ өр авчраагүй бол өгөөмөр нүнжиг гэдэг чинь утгаараа энэ шүү дээ.